БНХАУ-ын Харбин хотноо 2009 оны 2 сарын 18-28 ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын өвлийн 24 дүгээр “Универсиад” их наадам спортын 12 төрлөөр зохиогдсон. Наадамд 44 орны 2366 тамирчин, албаны хүмүүс оролцсон ба Харбин хотноо мөсний спортын тэмцээн, Яабули, Маоершан хотуудад цасны спортын тэмцээнүүд нэгэн зэрэг зохиогджээ. Энэ үеэр Универсиад наадмын рекорд амжилтыг 9 удаа шинэчлэн тогтоожээ. Багийн нэгдсэн дүнгээр ОХУ-ын тамирчид алт 18, мөнгө 12, хүрэл 17 медаль авч тэргүүн байранд шалгарлаа. Харин БНХАУ-ын тамирчид алт 17, мөнгө 18, хүрэл 12 медаль авч хоёрдугаар байранд орсон бол БНСУ-ын тамирчид алт 18, мөнгө 12, хүрэл 17 медаль авч эхний гурван байранд багтсан байна.Нийтдээ 20 орны тамирчид медальт байранд шалгарчээ.Монголын оюутны баг, тамирчидын хувьд Харбины хотын мөсөн гулгуурын талбай бидэнд ээлтэй байлаа. Энэ талбайд манай улсын тэшүүрийн 2 тамирчин спортын өндөр амжилт гаргаж улсын дээд амжилтыг зургаан зайд шинэчлэн тогтоов.
Манай тамирчин Галбаатарын Ууганбаатар нь уралдсан 4 зай бүртээ улсын дээд амжилтыг тогтоож, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Тэрээр 1500м зайн уралдаанд Монгол улсын шинэ дээд амжилтыг өмнө нь 2 мин 01,70 сек-ийн үзүүлэлттэй байсныг 1 мин 58,51 сек болгож 2 секундээр ахиулжээ. Мөн 5000м зайд маш сайн гулгаж улсын дээд амжилтыг 9 секундээр ахиулан шинэчлэн тогтоосон өндөр амжилт үзүүлэв. Энэ зайд Г.Ууганбаатар 7мин 07,01 сек гүйсэн юм. Түүний энэ амжилтын өмнө манай улсын рекорд 7мин 16,93 сек байсан юм. Тэрээр тэмцээний сүүлийн өдрүүдэд 1000м зайд 1мин 17.20 секундээр, холын зайн 10,000м уралдаанд 14мин 48.50 секундээр тус тус дээд амжилтыг тогтоосон байна.
Наадамд оролцсон эмэгтэй тамирчин Б. Ургаацэцэг Хэллонжиан мужийн тэшүүрийн спортын ордонд хоёр улсын шинэ дээд амжилтыг тогтоов. Тэрээр Харбины наадмын 1500м зайд 2мин 19,18 сек амжилт үзүүлэв. Манай эмэгтэй шилдэг тамирчидын нэг ОУХМастер Л. Алтанцэцэг 1978 онд Казакстаны Алмата хот дах “Медео” тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд тогтоосон 2мин 20,94 секундийн амжилт ийнхүү 1 секундээр ахисан байна.Мөн 1000м зайд улсын дээд амжилтыг ахиулжээ.
Энэхүү наадамд Монголын оюутны шигшээ багийн тамирчид цана, тэшүүр, уулын цана, шорт трейкын 4 спортын төрлөөр 8 тамирчин, 4 дасгалжуулагч, 1 албаны хүн оролцож тэшүүрийнхэн ийнхүү үүргээ сайн гүйцэтгэсэн бол цанын төрөлд тамирчин Э. Бархүү, Б. Гэрэлт-Од, Б. Батдорж нар уралдсан зай бүртээ өмнөх “Универсиад” наадамд үзүүлж байсан амжилтаа дээшлүүлсэн ба уулын цанын тамирчин Г. Лувсанданзан, шорт трейкын Г. Мөнхдорж нар тэмцээндээ амжилттай оролцсон.

Зураг дээр: Тамирчин Г.Ууганбаатар 5000м зайд уралдаж Монгол улсын дээд амжилтыг гаргаж байгаа нь





