MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Тэмцээн арга хэмжээ Наадам Монголын оюутны спортын 2-р их наадмын нэгдсэн заавар

Монголын оюутны спортын 2-р их наадмын нэгдсэн заавар

И-мэйл Хэвлэх PDF
БТСУХ-ны Даргын 2008 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 407 тоот тушаалын хавсралт

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН IIИХ НААДМЫН НЭГДСЭН ЗААВАР

НЭГ. ЗОРИЛГО
Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 2008 оны 197 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, оюутан залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн хамруулах, дасгал хөдөлгөөнөөр тогтмол бие даан хичээллүүлэх, спортод хандах идэвх сонирхолыг өрнүүлэх, их спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх, 2009 онд зохиогдох дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” их наадмуудад өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулахад Монголын оюутны спортын II их наадмын (цаашид наадам гэх) зорилго оршино.
ХОЁР. НААДМЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Монголын оюутны спортын хоёрдугаар их наадмыг улсын хэмжээнд Зохион байгуулах үндэсний хороо /Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод / аймаг, нийслэлийн хэмжээнд Зохион байгуулах комисс /Аймаг, нийслэлийн ЗДТГазар, Биеийн тамир, спортын хороо, Боловсрол, соёлын газар/, гадаадад суралцагчдын их наадмыг / тухайн орны ЭСЯ, Консулын газар, Оюутны холбоо/, сургуулийн хэмжээнд захиргаа, биеийн тамирын тэнхимүүд хариуцан зохион байгуулна.
ГУРАВ. НААДМЫН ТӨРӨЛ, ҮЕ ШАТ, ЯВАГДАХ ХУГАЦАА, БОЛОХ ГАЗАР
Наадмын шигшээ тэмцээн спортын 18 төрлөөр зохион байгуулагдана. Наадам гурван үе шаттайгаар (анхан шат ба дүүргийн, аймаг, нийслэлийн, улсын шигшээ) явагдана.
Д/Д Спортын төрөл Анхан шат, дүүргийн ОС-ын наадам Аймаг, нийслэлийн ОСН Улсын шигшээ наадам Болох газар
1. Аэробек III сард IY сард IY/17-19 ЭМШУИС-ийн спорт зааланд
2. Аялал IY сард IY сард Y/16-17 Замыг тухайн үед тогтооно.
3. Бокс I сард II сарын эхэнд II/17-22 “Алдар спорт хороо
4. Буудлага III сарын 4-8 IY сарын 10-14 Y/10-15 Буудлагын спортын төв
5. Волейбол III сарын9-15 IY сарын 12-18 IY/20-26 МУИСургууль
6. Гандбол III сард IҮ/23-26 Y/7-10 МУБИС-ийн БТСургууль
7. Заалны хөл бөмбөг III сарын 22-ны дотор IY сарын 1-ны дотор IY/6-12 МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль
8. Жүдо I сард I сард II/27-28 СТО-ны "А" танхим
9. Модон бөмбөг IY сард Y сард Y/15-17 “Гачуурт” дах Шилтгээнд
10. Олс таталт IY сард IY сарын 2-5 Y/2-3 СТО-ны "А" танхим
11. Сагсан бөмбөг III сард IY сард Y/18-24 ШУТИС, СТО-ны "А" танхим
12. Спортын бүжиг I сард III сард IY/10-12 СЭЗДС-ийн спорт зааланд
13. Тэшүүр 2008 оны 12сарын 13-14 2009оны 1 сарын17-18 I/29-31 МҮОХ-ны дэргэд
14. Цана 2008 оны 11 сард 2008 оны 12 сард I/29-31 Хандгайтын цанын бааз
15. Хөнгөн атлетик III сард IY сард Y/23-24 Төв цэнгэлдэх хүрээлэн
16. Шатар I сард III сард IY/8-12 ХҮДС-ийн хурлын танхим
17. Ширээний теннис I сард II сард III/4-7 “Оч”ширээний теннисний клуб
18. Чөлөөт бөх III сард IY сард IY/24-26 СТО-ны “А” танхим

Наадмыг 2008 оны 10-р сарын 1-нээс 2009 оны 5-р сарын 24-ыг дуустлах хугацаанд орон даяар зохион явуулна. Наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Спортын төв ордонд 2008 оны 10 сарын 1-ны өдрийн 18:00 цагт баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулан эхлүүлнэ. Наадмын хаалтын ажиллагааг 2009 оны 5 сарын 24 өдрийн 18:00 цагаас Монгол бөхийн өргөөнд Монголын оюутны спортын их наадмын хаалтын ёслолын нэгдсэн ажиллагааг урлаг, спортын баяр хэлбэртэйгээр зохион байгуулна.

Сургууль бүр 2008 оны шинэ хичээлийн жилийн эхний хагаст анги, салбарынхаа аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнүүдээ олон нийтийг хамруулсан хэлбэрээр зохион байгуулсан байна. Сургууль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг их наадмын нэгдсэн зааврын хугацаатай уялдуулан дээрхи заасан хугацаанаас өмнө зохион байгуулна.

Цана, тэшүүрийн улсын шигшээ тэмцээнийг 1 сард дээрхи заасан хугацаанд Улаанбаатар хотод явуулна. Сургууль, дүүрэг, аймаг, нийслэлийн их наадмын зааврыг тухайн шатны сургууль, зохион байгуулах комиссын шийдвэрээр зохицуулахдаа улсын нэгдсэн заавартай уялдуулна.

Мөн их наадмын хүрээнд гадаадад суралцагч оюутны их наадмыг ОХУ-ын Москва хотод, БНХАУ-ын Бээжин хотноо Европын болон Азийн бүс нутагт сурч байгаа оюутан залуучуудын дунд 4 сарын 16-19-ны өдрүүдэд спортын гурван төрлөөр /сагсан бөмбөг, ширээний теннис, шатар/ их наадмыг зохион байгуулна. Тэмцээн болох газрыг тусад нь зарлана.

Их наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийн улсын шигшээ тэмцээнүүдийн явагдах газар, хугацаа, баг тамирчдын тоо, зай, жинг энэхүү заавраар зохицуулна.

Бүх шатны их наадмын нээлт, хаалтын ажиллагааг нийтийг хамарсан биеийн тамир, спортын болон соёл, урлагын баярын арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж өргөнөөр сурталчилна. Наадмын шигшээ тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд оролцох баг тамирчид нь тухайн аймаг орон нутгийн болон сургуулийн туг, жигд хувцастай байна.

ДӨРӨВ. НААДАМД ОРОЛЦОГЧДЫН НАС, МЭДҮҮЛЭГ АВАХ ХУГАЦАА,:

Наадамд оролцогчдын шаардлага нь Олон улсын Оюутны спортын холбооны тэмцээний дүрмийн дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг /1981 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31/-ныг хүртлэх хугацаанд төрсөн 17-28 насны оюутан байна.

Тоон мэдүүлэг ирүүлэх хугацаа:

Наадмын шигшээ тэмцээнд оролцох байгууллагууд нь харъяа байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг, наадамд оролцох нийт баг тамирчдын тоо /эр, эм/, спортын төрөл, зай, жин, бүхий мэдүүлгийг тухайн тэмцээнийг болох хугацаанаас нэг сарын өмнө /маягтын дагуу/ БТСУХ-ны Спортын хэлтэст ирүүлнэ. Тоон мэдүүлэг ирүүлсэнээр тухайн тэмцээнд оролцох баг, тамирчдын тоо тодорхой болж заал талбайн асуудал зохиоцуулагдах тул тоон мэдүүлгийг хугацаанд нь ирүүлнэ, хэрэв тоон мэдүүлэг ирүүлээгүй тохиолдолд шигшээ тоглолтонд оролцох боломжгүй болно.

Эцсийн мэдүүлэг ирүүлэх хугацаа:

Наадмын шигшээ тэмцээн болон нэгдсэн арга хэмжээнд оролцох баг тамирчид харъяа байгууллагын албан ёсны тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эцсийн мэдүүлгийг тэмцээн болохоос 14 хоногийн өмнө Биеийн тамир, спортын Улсын хорооны Спортын хэлтэст ирүүлнэ.

Дээрх хугацаа нь тоон болон эцсийн мэдүүлгийг шуудангаар ирэх сүүлийн өдрийг тооцсон өдөр юм. Мэдүүлгүүдийг биечлэн болон емайлаар ирүүлж болно. Иргэний үнэмлэх /түүний хуулбар/, оюутны үнэмлэх /түүний хуулбар/, эмнэлэгийн үзлэгт орсон эмчийн тамга, гарын үсэг зуруулсан тэмдэглэл, 2 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй өнгөт/-ийг хавсарган ирүүлнэ.

ТАВ. НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ШАЛГАРАН ОРОЛЦОХ ЖУРАМ

Анхан шатны нэгж /сургуулиас/-аас шалгарсан баг тамирчид нь аймаг, дүүргийн наадамд, дүүргийн их наадмаас шалгарсан баг, тамирчид нь нийслэлийн наадмын тэмцээнд, аймаг, нийслэлийн аваргаас шалгарсан баг тамирчид нь шигшээ тэмцээнд тус тус шалгаран оролцоно. Орон нутгийн их дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгийн их дээд сургууль, коллеж бие даан оролцох ба тухайн орон нутгийн анхан шатны наадамдаа орж, шалгарсан тохиолдолд бие даан наадмын шигшээ тэмцээнүүдэд оролцож болно. Харин нийслэлд байрлалтай их, дээд сургуулийн харъяа салбар сургуулиуд нь зөвхөн тухайн их сургуулийн наадам, тэмцээнд оролцож шалгарсан тохиолдолд дараагийн шатны тэмцээнүүдэд тухайн харъяа сургуулийн нэрийн өмнөөс оролцоно.

Наадмын шигшээ тэмцээний волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын спортын төрлүүдэд нийслэл, Дархан-уул, Орхон, Ховд аймаг зэрэг их, дээд сургуулиуд олонтой газрууд нь доорхи тоонд багтаан баг тамирчдаа оролцуулна. Харин бусад орон нутгаас зөвхөн тухайн аймгийн наадмаас шалгарсан нэг сургуулийн нэг баг аймгаа төлөөлөн доорхи тоонд багтан оролцох юм. Аймгуудын наадмаас шалгарсан баг бусад сургуулиасаа тамирчдаа шигшин оролцуулахгүй зөвхөн аварга болсон сургуулийн баг тамирчид дан бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Нэг тамирчин наадмын 2 төрлийн шигшээ тэмцээнд оролцохыг зөвшөөрнө.
Бүсүүд Спортын төрлүүд Нийслэл Дархан Ховд Орхон аймаг Бусад аймгууд
Эр Эм Эр Эм Эр Эм Эр Эм Эр Эм
Волейбол 10 8 3 2 2 2 2 2 1 1
Сагсан бөмбөг 12 10 3 2 2 2 2 2 1 1
Шатар 18 12 6 4 3 2 3 2 3 2
Ширээний теннис 18 12 6 4 3 2 3 2 3 2

ЗУРГАА. ГАДААДАД СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНЫ СПОРТЫН ИХ НААДАМ

Наадмын хүрээнд болох гадаадад суралцагч оюутны спортын их наадам нь Европ ба Азийн бүсийн хэсэгт хуваагдан зохиогдоно. Европын орны спортын их наадмын  төв нь ОХУ-ын Москва хот, Азийн бүсийн төв нь БНХАУ-ын Бээжин хотноо болно. Эдгээр хотуудад сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын 3 төрлүүдээр зохион байгуулагдана. Тэмцээнд оролцогчид нь сургууль болон тухайн улсаа төлөөлсөн хэлбэрээр зохион байгуулагдаж баг тамирчдаа бүрдүүлэн орно. Багууд анхан шатны тэмцээний тайлан, мандат авах үеэр энэхүү зааварт заасан холбогдох бичиг баримтаа шалгуулан оролцох эрхийн үнэмлэхээ авна.

Гадаад хэргийн яамнаас эрхлэн тус улсуудад суугаа Элчин сайдын яам, консулын газар, Зохион байгуулах үндэсний хороо, Монголын оюутны спортын холбоотой хамтран наадмыг зохион явуулна. Наадмын шигшээ тэмцээнийг  ЗБХ-ноос томилогдсон тус хорооны гишүүн, нэг шүүгч удирдана. Москва, Бээжин дэх ЭСЯ-нд наадмыг зохион байгуулах комисс ажиллах бөгөөд төвийн төлөөлөгч нартай хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангана.

Шигшээ тоглолтонд  оролцох  оюутан, багш нарын байр, хоол, унааны зардлаа тухайн баг, тамирчнаа оролцуулж буй сургууль, ивээн тэтгэгч байгууллага, өөрсдөө хариуцна. Медаль, диплом, мандат, шүүгч, заал танхимын үнэ, мөнгөн шагнал, зохион байгуулалтын зарим зардлыг наадмын Зохион байгуулах хорооны төсөвт тусган санхүүжүүлнэ.

Наадмаас шалгарсан тамирчид улсын шигшээ тэмцээнд оролцохгүй.

ДОЛОО. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН, МАНДАТ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Наадмын шигшээ тэмцээнүүдэд шалгаран оролцох баг тамирчдын төрөл тус бүрийн техникийн зөвлөлгөөнийг тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнөх өдрийн 14:00 цагт Спортын төв ордоны 4 давхарт, Биеийн тамир спортын улсын хорооны хурлын зааланд хийнэ. /Энэ үеэр иргэний болон оюутны үнэмлэхний тулгалт хийнэ./

Техникийн зөвлөгөөнд ирэхдээ тухайн сургууль I, II шатны тэмцээний тайланг бичиж, албан ёсоор бэлтгэн баримтжуулж, зураг хавсарган авч ирнэ. Анхан шатны тэмцээний тайлангүй байгууллагуудыг тэмцээнд оролцуулахгүй.

Зөвлөлгөөний үеэр наадмын нэгдсэн арга хэмжээний зохион байгуулалт,  тэмцээний хөтөлбөр, хуваарь, бусад арга хэмжээ болон шигшээ тэмцээнд оролцох төлөөлөгчид, баг тамирчдын мандатыг олгох хуваариудыг тараан мэдээлэх болно.

НАЙМ. СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН ЗААВАР

Их наадмын спортын 18 төрлийн тэмцээнийг тухайн спортын төрлийн олон улсын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулж, мэргэжлийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр удирдан шүүж явуулна.
1. Аэробик:
Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, гурвал, баг гэсэн 5 төрлөөр явуулна. Дасгалын зохиомжинд А-2,В-2, С-6, Д-2 бүлэгт хамаарагдах 12 элемент заавал оруулсан байна. Багийн тоглолтын үргэлжлэх хугацаа 1.45±5 секунд, талбайн хэмжээ 10х10 м байна. Ганцаарчилсан болон холимог хос, гурвалсан төрлийн үргэлжлэх хугацаа  1.45±5 секунд, талбайн хэмжээ 7м х7м байна.
2. Аялал: /спорт/
Нэг багт эмэгтэй 3 хүн, эрэгтэй 5, нэг дасгалжуулагч удирдан оролцоно. Аялалын зам, зэрэглэлийг техникийн зөвлөгөөн  дээр шийдвэрлэнэ. Багууд өөрийн онцлогыг илэрхийлсэн нэртэй, аялалын бэлтгэлийг бүрэн хангасан, жигд хувцастай байх шаардлагатай.
3.  Бокс:
Тэмцээн эрэгтэй 48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг -81кг хүртэл кг-ийн  9 жингүүдээр явагдана. Нэг жинд нэг байгууллагаас нэг тамирчин оролцоно. Энэхүү тэмцээн нь 2010 онд Монгол улсад болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээний өмнөх томоохон сорилт болно.
4. Буудлага:
Эрэгтэйчүүд: БКВ-9, БКВ-6, ХВ-6, БКГ-6, ХГ-6,
Эмэгтэйчүүд: БКВ-9, БКВ-5, ХВ-4, БКГ-5, ХГ-4 бүгд 10 төрлөөр явуулна.
5. Волейбол
Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай оролцоно.  
6. Гандбол
Тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 11 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай  багууд оролцоно.  Тэмцээнд нэг байгууллагаас нэг баг  оролцоно.Тоглолтын системийг багийн тооноос хамаарч шийдвэрлэнэ.
7. Заалны хөлбөмбөг /футзал/  :
Баг нь эрэгтэй 11 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
8. Жүдо:
Тэмцээн эрэгтэй 60кг, 66кг, 73кг, 81кг, 90кг, -100кг, эмэгтэйчүүдийн  48кг, 52кг, 57кг, 63кг, 70кг, -78кг жингүүдээр болно. Хоёр дасгалжуулагчтай байна. Нэг жинд нэг байгууллагаас нэг тамирчин оролцоно.
9. Модон бөмбөг
Нэг сургуулиас эрэгтэй, эмэгтэй багт тус бүрт 4 тамирчин, 1 дасгалжуулагч орно. Тэмцээнийг ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр зохион байгуулна. Нэг сургуулийн бүтэн баг тамирчид дөрвөөс доошгүй цохиур, бөмбөгтэй байж тэмцээнд оролцох эрхтэй болно. Техникийн зөвлөгөөний үеэр хэрэглэл материалыг шалгаж, зөвшөөрөл олгоно. Тэмцээний үеэр олон улсын сургалт болно.
10. Олс таталт:
Олс таталтын тэмцээн холимог хэлбэрээр 8 тамирчны эр 5, эм 3 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцно. Нэг дасгалжуулагчтай байна.
11. Сагсан бөмбөг:
Баг нь эрэгтэй 11, эмэгтэй 11 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай байна. Тамирчдын хувцаслалт нь 4-15 дугаартай ижил өнгийн 2 ээлжийн хувцастай байна.
12. Спортын бүжиг:
Тэмцээн доорхи 2 төрлөөр зохион байгуулагдана.Үүнд: стандарт бүжиг ба латин бүжиг.
  • Стандартын бүжгийн тэмцээнд: Удаан вальс, танго, венийн вальс, удаан фокстрат,  хурдан фокстрот,
  • Латин бүжгийн тэмцээн: Самбо, ча ча ча, румба, пасодобль, жайз бүжгүүдийг бүжиглэнэ. Бүжгүүдэд хөдөлгөөний хязгаарлалт байхгүй. Венийн вальс, жайз бүжгүүд 1 минут, бусад бүжгүүд 1.5 минут үргэлжилнэ. Эргэлт хийхийг хориглоно. Хувцаслалт МБСХ-ны дүрмээр зохион байгуулагдана. Нэг сургуулиас стандарт ба латин бүжигт төрөл тус бүрт 4 хүртэлх хос /эр 4, эм 4/ оролцоно.
13. Тэшүүр:
Тэмцээнийг гүйлтийн тэшүүрийн төрлөөр явуулах ба эрэгтэй тамирчид 500м, 1500м, 3000м, 5000м, эмэгтэй тамирчид 500м, 1000м, 1500м, 3000м зайд уралдах бөгөөд нэг байгууллагаас эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин оролцоно.
14. Цана :
Эрэгтэйчүүд сонгомол техникээр 15км, тэших техникээр 10 км, эмэгтэйчүүд сонгомол техникээр 10 км, тэших техникээр 5 км, холимог буухиа /4х5км/ уралдааны эхний эрэгтэй, эмэгтэй 2 тамирчин сонгомол техникээр, сүүлчийн 2 тамирчин тэших техникээр уралдана. 
15. Хөнгөн атлетик:
Эмэгтэй тамирчид 100м, 400м, 800м, 1500м, уртын харайлт, 4х100м буухиа гүйлт, эрэгтэй тамирчид 100м, 400м, 800м, 1500м, уртын харайлт, 4х100м буухиа гүйлтын төрөл өрсөлдөх бөгөөд нэг тамирчин буухиа гүйлтээс гадна 2 төрөлд оролцож болно.
16. Шатар:
Ганцаарчилсан төрлөөр явагдана. Байгууллага бүрээс эрэгтэй 3, эмэгтэй 2 тамирчин  шалгаран оролцоно. Нэг дасгалжуулагчтай байна. Тэмцээнийг 9 өрөгт багтаан швейцари системээр явуулна. Тоглолтын үеийн багийн хяналт 1цаг 30 минут, нэмэлт нүүдэл бүрт нэмэгдэл 30 секундээр тооцно.
17. Ширээний теннис:
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн,  холимог хос, эрэгтэй, эмэгтэй багийн гэсэн 5 төрлүүдээр явуулна. Нэг байгууллагаас эр 3, эм 2 тамирчин, 1 дасгалжуулагч оролцно.
18. Чөлөөт бөх:
Тэмцээн эмэгтэй 48кг, 51кг, 55кг, 59кг, 63кг, 67кг, - 72кг жингүүдээр, эрэгтэй 55кг, 60кг, 66кг, 74кг, 84кг, 96кг, 120 кг –ийн жингүүдээр болно. Нэг байгууллагаас нэг жинд нэг тамирчин оролцоно.   

ЕС. НААДМЫН ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ

Наадмын I, II, шатны тэмцээний зохион байгуулах зардлыг тухайн сургууль, орон нутгийн төсөв, ивээн тэтгэгчдийн зардлаар санхүүжүүлнэ. Шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын байр хоол, унааны болон бусад зардлыг тамирчдаа оролцуулж байгаа байгууллага хариуцна.

Наадмын шигшээ тэмцээний (гадаадад суралцагч оюутны спортын их наадам) медаль, цом, өргөмжлөл, мандат, шүүгчийн хөлс, мөнгөн шагнал, нээлт, хаалтын урлаг, соёлын арга хэмжээнд шаардагдах  хөрөнгийг Зохион байгуулах хороо /Биеийн тамир, спортын Улсын хороо/ хариуцан гаргана. Удирдлага, зохион байгуулалтын асуудалд Монголын оюутны спортын холбоо дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллана.

АРАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ДҮГНЭХ ЖУРАМ

Монголын оюутны спортын хоёрдугаар их наадмын I, II  дугаар шатны тэмцээний төрөл зай, жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг сургууль, аймаг, дүүрэг, нийслэлийн, оюутны спортын их наадмын шагналаар шагнана. Шигшээ тэмцээний эхний гурван байр эзэлсэн байгууллагыг  Монголын оюутны спортын хоёрдугаар их наадмын медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.
Байгууллагын нэгдсэн дүнг шигшээ тэмцээнүүдэд авсан медалийн чанар, тоогоор эхний  зургаан байр эзлүүлж  эхний 3 байрт их наадмын өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр,  IY-YI байрт их наадмын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр  шагнаж урамшуулна. Багийн спортын төрлийн медалийг нэг багц медалиар тооцно.

Шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулан хамтран ажилласан спортын холбоодод эхний 5 байр эзлүүлэн  их наадмын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО