
Шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, Б.Оюун, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар гардуулан баяр хүргэв.

Шилдэг оюутан эмэгтэй тамирчин: ШУТИС-ийн Математик менежментийн сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны 8 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орж зохиогдсон шатрын төрөлд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаар ийнхүү 2011 оны шилдэг эмэгтэй тамирчинаар шалгарлаа. Б.Мөнгөнтуул нь тус наадамд оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ 9 өрөг тоглон 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдон хүчтэй их мастеруудыг ардаа орхин ийнхүү өндөр амжилт гаргасан.
Эрэгтэй шилдэг оюутан тамирчин: ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн геодезийн 1 дүгээр дамжааны оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа Дэлхийн 26 дугаар Универсиад наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд 1769 оноогоор мөнгөн медаль хүртэн 2011 оны шилдэг оюутан эрэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрээр урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд 19 орны 57 тамирчидтай Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо хамгийн өндөр амжилт үзүүлэн 594 оноо авч мөнгөн медальд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Оюутны шилдэг дасгалжуулагч: Буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш нь Дэлхийн оюутны Универсиад-2011 их наадмын урт бууны төрөлд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ч. Нарантуяа болон эрэгтэй багийн төрлүүдэд Д.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нарын шавь нараа мөнгөн медаль авахуулсан ба Монголын урт бууны баг тамирчдыг дэлхийн түвшинд хүргэсэн амжилтыг үзүүлэн ажилласан юм.
Монгол улсын 2011 оны “Оюутны спортыг дэмжигч шилдэг сургууль”
Монгол улсын 100 гаруй их, дээд сургууль, коллежуудаас Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хамт олон энэхүү номинацид тэргүүллээ. ШУТИС-ийн хамт олон 2011 онд үндэсний хэмжээнд зохиогдсон Монголын оюутны спортын 10 дугаар “Универсиад” их наадамд оюутан тамирчдаа амжилттай бэлтгэн бүх төрөлд оролцуулж байгууллагын нэгдсэн дүнгээр 2 дугаар байранд шалгаран, БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар “Универсиад” наадмын буудлага, шатрын төрөлд 2 мөнгөн медаль, аэробекийн төрөлд шагналт байранд шалгарсан амжилтыг үзүүлж, оюутан сургууль хамт олнын дунд биеийн тамир, спортын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэн, оюутны спортыг сурталчилан хөгжүүлэхэд ихээхэн зүтгэл гарган ажилласан амжилтаараа ийнхүү шалгарсан байна. Шагналыг тус сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн, БТС-ын тэнхимын эрхлэгч С.Энхтуяа нар гардан авлаа.
Ийнхүү МОСХ хуучин оноо үдэн 2011 оны амжилт ололтоо дүгнэв. Тус холбоо 2011 онд Монголын оюутны спортын “Универсиад” их наадмыг спортын 10 төрөлд БСШУЯ, БТСГ, МОХ-той хамтран зохиож 50 гаруй ИДС-ийн 8000 оюутан залуучуудыг хамруулсан бол БНХАУ-ын Шинжинь хотод болсон дэлхийн “Универсиад” наадамд 12 спортын төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг оролцуулан 4 мөнгөн медаль хүртэн 152 орноос нэгдсэн дүнгээр 33 дугаар байранд шалгарчээ. Мөн азийн оюутны таэквондо, элсний волейболын төрөлд баг тамирчидаа оруулж, баруун бүсийн оюутны спортын наадмыг Ховд хотноо явуулжээ. Тэд 2012 онд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 10 спортын төрлөөр, Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн волейболын хоёрдугаар тэмцээнийг 2012 оны 4 сарын 9-15 өдрүүдэд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах бөгөөд чөлөөт бөх, шатар, таэеквондо, буудлагын төрлөөр Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэн оруулах зорилт тавьж байна.





