Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Гүйцэтгэх хорооны хурал Бельги улсын Бруссел хотноо 11 сарын 28-29-ны өдрүүдэд зохиогдон тус хурлаас ОУОСХ-ны үйл ажиллагаа, 2012 онд зохиогдох дэлхийн оюутны аварга
шалгаруулах тэмцээн, 2013, 2015 оны өвөл, зуны Универсиад наадмын бэлтгэл ажлын явцтай танилцан 2017 оны өвөл зуны Универсиад их наадмыг зохион байгуулах улсуудыг сонгон шалгарууллаа. Тус хуралд ОУОСХ-ны ерөнхий санхүүч, Монголын Оюутны Спортын холбооны ерөнхийлөгч /МОСХ/ Д.Баясгалан оролцсон юм.Гүйцэтгэх хорооны хурлаар 2016 оны Байт харвааны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон бол 2014 оны байт харвааны ОДАШТ-ийг Бельги улсад зохиох эрхийг тус тус олголоо.
Энэхүү хурлаас Зуны 29 дүгээр Универсиад их наадмыг 2017 оны зохион байгуулах эрхийг авахаар Бразил, Хятадын Тайвань нэр дэвшүүлэн өрсөлдөж Гүйцэтгэх хорооны гишүүдийн эцсийн саналаар Хятадын Тайвань улсад олгосон байна.
Хятадын Тайвань өөрийн орондоо 2017 онд Универсиад наадмыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллахын зэрэгцээ ОУОСХ-ны үйл ажиллагаанд тухайн улсын идэвхитэй оролцоог үнэлэн Универсиад наадмыг Тайпей хотод явуулах эрхийг олгожээ.
2017 оны өвлийн 28 дугаар Универсиад их наадмын эрхийг Казакстан улсын Алмати хотод олгосон. Казакстан улс сүүлийн жилүүдэд олон улсын спортын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулан тамирчдын амжилт нь өсөж байгаа билээ.





